Дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн стратегийн өрсөлдөөн газрын баялгийн төлөө байхаа больж, цахим ертөнцөд хэн нь хэр “том” байршил эзлэх вэ гэдэг рүү нэгэнт чиглэсэн цаг үед бид юу бодох ёстой вэ? Цахим орчны газар нутаг тэлэхийн хэрээр стратегийн өрсөлдөөн нь мэдээлэл дамжуулах суваг, мэдээллийн дэд бүтэц, түгээлт төдийгөөр хязгаарлагдахаа больж, агуулгыг хүлээн авч буй хүний ойлголт, сэтгэл хөдлөл, итгэлцэл, шийдвэр гаргалтад хүртэл шууд нөлөөлөх болсон байна. Энэ үзэгдлийг судлаачид “мэдээллийн дайн”, “сэтгэл зүйн дайн”, “когнитив дайн” гэсэн томъёонуудаар тайлбарлаж буй. Уг нийтлэлд Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судалгааны өгүүллээс эх сурвалжид ашигласан болно.
МЭДЭЭЛЛИЙН ДАЙН: ХЭНИЙГ ЯМАР ҮЙЛДЭЛД ХҮРГЭСЭН НЬ ЧУХАЛ
Дээрх ойлголтуудын хамгийн өргөн хүрээтэй нь “мэдээллийн дайн” бөгөөд 1996 оноос судлагдаж эхэлсэн ойлголт юм. RAND корпорацийн тус судалгаанд үүнийг байлдааны талбарын хүрээнээс хальж, улс орны мэдээллийн бүтэц, улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог хамарсан стратегийн үзэгдэл хэмээн анх томъоёлжээ. Харин “когнитив дайн” гэх томъёог НАТО-гоос 2020 онд анх судалгааны ойлголтод дэвшүүлсэн байна. Мэдээллийн дайн, сэтгэл зүйн дайн, когнитив дайн гэх ойлголтуудыг хольж хутгах, ингэхдээ нэг ойлголтыг шат дараалсан цаг үед өөр, өөрөөр нэрлэсэн гэж эндүүрэх хандлага байгааг судлаачид үгүйсгэж буй юм. Тэгвэл зааг, ялгаа нь хаанаа байх вэ?
Мэдээллийн дайнд мэдээллийг стратегийн нөөц, хамгаалах зүйл, довтлох бай, нөлөөлөх хэрэгсэл хэмээн нэгэн зэрэг авч үздэг аж. Нэг тал өөрийн холбоо, өгөгдөл, командлал, шийдвэр гаргах чадавхийг хамгаалахын зэрэгцээ өрсөлдөгчийнхөө мэдээлэл олж авах, дамжуулах, боловсруулах, ашиглах үйл явцыг тасалдуулах, төөрөгдүүлэхийг оролдоно. Зөвхөн буруу ташаа мэдээлэл түгээх үйлдэл гэж ойлгох бус мэдээлэлд тулгуурласан давуу байдлын төлөөх өргөн хүрээтэй өрсөлдөөн юм. НАТО үүнийг улс төр, цэргийн зорилгыг дэмжихийн тулд урьдчилан сонгосон зорилтот бүлгийн хандлага, зан үйлийг харилцаа холбооны технологи болон бусад аргаар өөрчлөх төлөвлөгөөт үйл ажиллагаа хэмээн албан ёсоор тодорхойлжээ. Энд ямар мэдээлэл тархсан нь бус хэнийг ямар үйлдэлд хүргэсэн нь үнэлгээний гол шалгуур.
Когнитив дайн: Хэнд итгэхийг удирдана
Когнитив дайн нь нийгэм юунд анхаарал хандуулах, мэдээллийг хэрхэн тайлбарлах, юуг санаж, юуг мартах, хэнд итгэхийг чиглүүлдэг үзэгдэл. НАТО үүнийг хувь хүн, нийгмийн бүлгийн танин мэдэхүйн үйл явцад нөлөөлөх, түүнийг хамгаалах болон тасалдуулах замаар давуу байдал олох үйл ажиллагаа хэмээн тодорхойлсон байна. Нөлөөллийн энэ хүрээ хувь хүний сэтгэл зүйгээс эхлээд байгууллагын нэр хүнд, нийтээр хүлээн зөвшөөрдөг баримтын суурь хүртэл дэлгэрдэг тул когнитив дайны боломжит нөлөөллийн цар хүрээ хавьгүй өргөн гэж үзэж байна.
Стратегийн өрсөлдөөн танин мэдэхүйн давхаргад хүрэхэд дараах гурван шалтгаан голлон нөлөөлдөг байна. Тухайлбал, дижитал сүлжээ нөлөөллийн цар хүрээ, хурд, давталтыг эрс нэмэгдүүлж, эх сурвалжийг бүдгэрүүлдэг; аливаа хүн мэдээллийг баримтын үнэн зөвөөр бус, айдас, уур, бахархал зэрэг мэдрэмжээрээ хүлээн авдаг; хүн бүр мэдээллийг өөрөө баталгаажуулах боломжгүй тул шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, институцид итгэхээс өөр аргагүй байдаг бөгөөд энэхүү итгэлийг тэдгээрийн нэр хүндийг унагах замаар эвдэх нь ганц худал мэдээ тараахаас хавьгүй том хохирол учруулдаг.
Бодит амьдрал дээр нэг кампанит ажиллагаанд хэрхэн холбогддог болохыг хялбарчлан дүрсэлбэл үйлдэгч эхлээд сүлжээ, өгөгдөл, түгээлтийн сувгийг ашиглан ямар мэдээлэл түрүүлж харагдах, хэдэн удаа давтагдах нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний дараа зорилтот бүлгийн айдас, уур хилэнг өдөөх агуулгыг тарааж, тодорхой хариу үйлдэлд түлхэнэ. Эцэст нь энэ ажиллагаа удаан үргэлжилж, улс төр, кибер, эдийн засгийн бусад хэрэгсэлтэй давхацвал байгууллагад итгэх итгэл, бодит байдлыг хамтран үнэлэх чадвар өөрчлөгдөнө. Товчхондоо мэдээллийн давхарга нь ажиллагаа хэрэгжих суурь, сэтгэл зүйн давхарга нь нөлөөлөх арга, танин мэдэхүйн давхарга нь урт хугацаанд хүрэх үр дүн болдгоороо нэгдмэл үзэгдэл болж хувирна.
Дэлхийн хиймэл оюуны хоёр төвт өрсөлдөөн
Дэлхийн хиймэл оюуны хөгжил АНУ, Хятад тэргүүтэй хоёр өрсөлдөгч экосистем болон хуваагдах хандлагатай байгаа аж. Хятадын санаачлага хөгжиж буй орнуудын хиймэл оюуны чадавхыг нэмэгдүүлэх, хөгжлийн стратеги, засаглалын дүрэм, техникийн стандартыг уялдуулах, нээлттэй эхийн экосистем болон хэрэглээний хамтын ажиллагааг дэмжихийг онцолж байгаа бол АНУ-ын санаачлага чухал ашигт малтмал, эрчим хүч, хагас дамжуулагч, дэвшилтэт үйлдвэрлэл, тооцооллын дэд бүтэц зэрэг хиймэл оюуны нийлүүлэлтийн сүлжээг “итгэлцсэн түншүүд”-ийн хүрээнд бэхжүүлэхэд төвлөрч байна. Нэг үгээр бол АНУ ба Хятадын хиймэл оюуны өрсөлдөөн компани, загварын гүйцэтгэлийн түвшнээс хальж, улс орнуудыг өөр өөрийн технологийн стандарт, дэд бүтэц, нийлүүлэлтийн сүлжээ, өгөгдлийн засаглалын тогтолцоонд татан оролцуулах институцийн өрсөлдөөн болон өргөжиж байна.[
Хятадын хиймэл оюуны бодлого
Stanford-ийн AI Index-ийн 2026 оны мэдээллээр Хятад хиймэл оюуны өгүүллийн тоо, эшлэл, патентын олголтоор тэргүүлж, дэлхийн хамгийн их эшлэгдсэн 100 AI өгүүлэлд эзлэх тоо нь 2021 онд 33 байсан бол 2024 онд 41 болгож нэмэгджээ.
Хятад 2025 онд 35 чухал загвар бүтээсэн бол АНУ 59 загвартайгаар тэргүүлсэн хэвээр байв. Харин хоёр улсын шилдэг загварын гүйцэтгэлийн зөрүү эрс багасаж, 2026 оны 3 дугаар сарын байдлаар АНУ-ын тэргүүлэх загварын давуу тал 2.7% болсон байна. Хятадад 2025 онд хиймэл оюуны үндсэн салбарын хэмжээ 1.2 их наяд юанийг давж, төрөлжсөн AI компанийн тоо 6200 гаруй болсон. Мөн тус улсад текст, зураг, дуу, видео зэрэг шинэ агуулга үүсгэдэг хиймэл оюуны үйлчилгээг хэрэглэгчдийн тоо 602 сая буюу интернэт хэрэглэгчдийн 42.8 хувьд хүрчээ.
ятад судалгааны хэмжээ, патентын тоо, нээлттэй загвар болон үйлдвэрлэлийн хэрэглээгээр давуу боловч хамгийн өндөр нөлөөтэй патент, frontier загварын тоо, дэвшилтэт загвар сургах тооцооллын хүчин чадал, өндөр хүчин чадлын GPU, өндөр зурвасын санах ой (HBM), чип үйлдвэрлэлийн зарим тоног төхөөрөмжөөр АНУ болон түүний холбоотнуудаас хамааралтай хэвээр байна. АНУ-ын дэвшилтэт тооцоолол, хагас дамжуулагчийн экспортын хяналт энэ эмзэг байдлыг нэмэгдүүлж байгаа боловч дотоодын чип, программын стек, хэмнэлттэй архитектур, нээлттэй эхийн загвар хөгжүүлэх Хятадын хүчин чармайлтыг мөн түргэсгэж байна гэж судлаачид онцлов.
Хятад улс “дэлхийн хиймэл оюуны инновацын гол төв болох” гуравдугаар шатны зорилт биелэх магадлал өндөр боловч үүнийг Хятад бүх үзүүлэлтээр АНУ-ыг бүрэн гүйцэж түрүүлнэ гэж ойлгож болохгүй юм байна. Хятад дэлхийн хоёр гол AI төвийн нэг хэвээр үлдэх, патент, нээлттэй загвар, робот, ухаалаг автомашин, дрон, үйлдвэрлэлийн автоматжуулалт болон төрийн үйлчилгээний хэрэглээгээр тэргүүлэх магадлал өндөр. Том дотоодын зах зээл, үйлдвэрлэлийн бүрэн сүлжээ, 600 сая гаруй AI хэрэглэгч, төрийн санхүүжилт, өргөн хэрэглээний орчин нь энэ төлөвийг дэмжих ч дэвшилтэт чипийн хамаарал, экспортын хяналт, өндөр чанартай өгөгдөл, эрчим хүч, усны хэрэгцээ, орон нутгийн давхардсан хөрөнгө оруулалт болон зохицуулалтын хатуу орчин нь зорилтыг хязгаарлах хүчин зүйл хэвээр үлдэнэ гэж үзэж байна. “Хятад дэлхийн AI-ийн цорын ганц төв болно” гэхээс илүү “АНУ-тай зэрэгцэх дэлхийн хоёр гол төвийн нэг болж, үйлдвэрлэлийн болон өргөн хэрэглээний AI-аар тэргүүлнэ” гэсэн утгаар биелэх магадлал өндөр гэж үзэж болно.
AI-АЮУЛ, ЭРСДЭЛ
Мэдээллийн дайны талбарт AI буюу хиймэл оюун ухаан нь дайралтын босгыг бууруулж, хурдыг эрс нэмэгдүүлсэн, нэг үгээр бол тэсрэх бөмбөгийг бүүстлэгч болж хувирч байна. Гэтэл нөгөө талд хууль, ёс суртахуун, одоогийн тогтолцоо энэ өөрчлөлт, хурдыг шингээж чадахгүй байгаа нь том зөрчил болжээ.
AI нь агуулга үйлдвэрлэгч болж буй нь сорилт. Тэгэхдээ бүр хямд, өндөр үр ашигтай үйлдвэрлэл. Текст, аудио, видео зэрэг хуурамч агуулгыг бага зардлаар бөөнөөр үйлдвэрлэх боломжийг бүрдүүлснээр нөлөөллийн кампанит ажлын өртөг эрс буурч, цараа хүрээ нь нэмэгддэг . Мөн AI нь сэтгэл хөдлөлийн өдөөгч, үзэл суртлын урьдач байдлыг шинжлэх замаар эмзэг бүлгийг тодорхойлж, тохиргоотой танин мэдэхүйн дайралт хийж, уламжлалт “нэг цэгээс олон цэг рүү” гэдэг сурталчилгааг “нэг цэгээс нэг цэг рүү” чиглэлтэй манипуляци болгон өөрчилдөг.
AI цахим халдлагад “дайралтын агент”, “хамгаалалтын агент” нь хүний оролцоогүйгээр харилцан суралцаж, харилцан дасан зохицож, өрсөлдөөнийг “хүн ба хүн” гэсэн чиглэлээс өөрчлөн “машин ба машин” болгон хөгжүүлж, хүний хяналтын урсгалыг тойрч гарах эрсдэлийг бий болгож байна. Халдлага маш хурдан бөгөөд ул мөрөө нуух чадвартай тул халдлагын эх сурвалжийг тодорхойлоход хэцүү. Энэ нь уламжлалт заналхийллийн үнэлгээ, хариу арга хэмжээний загварыг сулруулж, санамсаргүй өдөөгдсөн хурцадмал байдлын эрсдлийг нэмэгдүүлдэг байна.
© 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ