-Эрчим хүчний тухай хуулийн бүх заалтынх нь 40-өөд хувь нь зөвхөн тусгай зөвшөөрлийн зохицуулалт байна. Дулааны зохицуулалт 5 хувь, бусад нь цахилгааны зохицуулалт байдаг. Нийтдээ 800 гаруй журам үйлчилж байна. Эрчим хүчний тухай хуулийг реформын түвшинд шинэчлэх нь зүйтэй--
-Та Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг Ажлын хэсгийг ахалж ажилласан. Хэдийгээр энэ төслийг УИХ-аар дэмжүүлж чадаагүй энэ салбарын асуудлаар бүрэн бүтэн зураглалтай болсон. Та бүхний ажилласан хууль хэрэв батлагдсан бол ямар өөрчлөлт би болох байсан бэ?
-Ажлын хэсэг юун түрүүнд Эрчим хүчний тухай хуулийн үйлчлэлд үнэлгээ хийхээс ажлаа эхлүүлсэн юм. Үнэлгээ хийхэд эрчим хүчний салбар 2001 онд буюу 25 жилийн өмнө батлагдсан хуультай, тэр хууль нь өнөөдрийн эрчим хүчний салбарын орчин үеийн харилцааг ерөөсөө зохицуулах чадамжгүй буюу хууль хоцрогдсон байгаа нь тодорхой болсон. Мөн хоёрдугаарт хууль нь товч, ерөнхий зохицуулалттай. Тэр хэрээр энэ салбарын харилцааг 800 гаруй журмаар зохицуулж байгаа нь маш өндөр эрсдэлийг бий болгож байна. Журмаар харилцаагаа зохицуулж байгаа салбарыг эрсдэлтэй салбар гэж үздэг. Яагаад гэхээр маргааш хүрээд ирэхэд л цоо шинэ журам батлаад тавьчихсан байдаг. Нэг сайд томилогдоход л өмнөх журам өөрчлөгддөг, эсвэл алга болдог. Тиймээс л ийм салбарыг эрсдэлтэй гэж үзэн хөрөнгө оруулдаггүй, дээрээс нь хэрэглэгчээс эхлээд дамжуулах, түгээ дамжлага, хөрөнгө оруулагчид бүгд тасралтгүй хүндрэл, бэрхшээлтэй тулгардагаас хууль шүүхийн маргаан тасардаггүй юм байна. Журмын зохицуулалттай салбар болчихсон учраас хууль, эрхзүйг шинэчлэх нэн шаардлагатай гэж дүгнэсэн. Эрчим хүчний тухай хуулийн бүх заалтынх нь 40-өөд хувь нь зөвхөн тусгай зөвшөөрлийн зохицуулалт байна. Дулааны зохицуулалт 5 хувь, бусад нь цахилгааны зохицуулалт байдаг. Эдгээрийг үнэлж үзээд бид Эрчим хүчний тухай хуулийг реформын түвшинд шинэчлэх нь зүйтэй гэж дүгнэсэн юм.
-Монгол Улс эрчим хүчний хомсдолд байна уу, эсвэл энэ салбар эрх зүйн зохицуулалтаасаа болж байна уу?
-Бидний хоёрдугаарт хийсэн ажил бол “бид яагаад бүтэлгүйтэв” гэдэгт хариулт өгөх явдал. Тиймээс манайхтай ижил хүйтэн, сэрүүн уур амьсгалтай ч хэрэглэгчээ дулаан, цахилгаанаар хангадаг амжиллттай улс орныг нэгд, нэгэнгүй судлах зорилгоор Эстони, Дани, Унгар, Казахстан дөрвөн орны, цахилгааны хувьд өрсөлдөөнт зах зээлийг сайн нэвтрүүлсэн Шинэ Зеланд, Австрали, Япон зэрэг найман улсын 12 хуулийг орчуулж, уншиж ойлгох хэцүү ажлыг хийсэн. Хэцүү байсан шалтгаан нь эдгээр орнууд нь дулаан, цахилгааны бие даасан тусдаа хуультай. Тэдгээр хууль нь процесийн зохицуулалттай буюу маш зузаан. Манай ажлын хэсэгт байсан хуульчид хүртэл “Та Монголоос арваад жил хол байсан болохоор энд юм яаж явдгийг мэдэхгүй байна. Та биднийг хэтэрхий махалж байна. Та юу хүсээд байгаагаа хэлээд өгчих. Тэгвэл хууль болгоод бичээд өгнө” гэхээр нь би “За наашаа харж бай даа. Монгол Улсын хөгжихгүй байгаа нэг шалтгаан нь сайн туршлагыг муу судалдагт байгаа юм. Энэ бол бидний цусанд байдаг. Ямар нэгэн юмыг за за, ойлгочихлоо, ойлгочихсон гэдэг. Бусад улсын хүмүүс яадаг вэ гэхээр болоогүй байна аа, би ойлгоогүй байна аа гээд нухаж суусаар бүрэн ойлгосныхоо дараа за боллоо гэдэг. Тиймээс бид тэгж болохгүй ээ. Үнэхээр нухацтай судалж байж л энэ хүмүүс яагаад болоод байгаа юм, бидэнд байгаа асуудлыг тэд яаж зохицуулсан юм, яагаад амжилттай яваа юм бэ гэдгийг олж мэднэ. Тэгвэл л хүнд хэрэг болохоор хууль бичнэ. Түүнээс биш олон зүйлд сатаарах хэрэггүй” гэж хэлсэн. Би үүлэн технологийн “оффис 365” руу чуулган дээр сууж байхдаа хүртэл хууль орчуулж, бүгдээрээ тасралтгүй нэг файл дээр зэрэг ажилласан. Олон юм ярихгүйгээр хуулиа орчуулж дуусгаад чуулган тарангуут л нөгөө хэд дээрээ гүйж очоод “энэ юу гэж байна” гээд л тийм гоё урам зоригтой ажиллацгаасан. Үүний дараа бүгдээрээ Эрчим хүчний тухай хуулийг эрчим хүчний нэг ерөнхий хуультай болгох, түүнийхээ доор Цахилгаан хангамжийн хууль, Дулаан хангамжийн хууль, Хий хангамжийн хууль, Сэргээгдэх эрчим хүчний хууль, Хэмнэлтийн хууль гээд багц хуультай байх нь зүйтэй юм байна гэдэг шийдэлд хүрсэн юм. Одоо бол Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль нь тусдаа байгаа. Харин Эрчим хүчний тухай хуульд цахилгаан, дулаан хоёулаа байдаг болохоор үүнийг салгах нь оновчтой. Ажлын хэсгээрээ маш их ярилцаж байж Цахилгаан хангамжийн тухай хуулийг боловсруулсан ч өргөн барихыг түр хойшлуулж, Дулаан хангамжийн тухай хуулийг түрүүлж явуулъя гэж шийдсэн юм.
-Яагаад эхлээд эрчим хүчний хуулийг биш дулаан хангамжийн хуулийг өргөн барьсан юм бэ?
-Цахилгаан, дулаан гэдэг хоёр зүйлийн хувьд яагаад тусдаа зохицуулалттай байх ёстой вэ гэхээр хоорондоо ямар ч холбоогүй юм л даа. Учир нь Дулаан хангамжийн хувьд орон нутгийн шинж чанартай. Тухайн дулааны эх үүсвэрээс сум, аймаг, бүсийг хангадаг. Газрын гүний дулаанаар зөвхөн Сэлбэ хорооллыг хангана гэдэг ч юм уу. Гэтэл цахилгаан болохоор улс орны хэмжээнд системээр явдаг. Дээрээс нь дулааныг зөвхөн өвлийн улиралд борлуулаад бусад бүх улиралд борлуулалт байдаггүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр үнийг нь зохицуулж байж амьдруулдаг салбар юм. Дээрээс нь орон нутгийн оролцоо маш өндөр байдаг. Цахилгаан болохоор яваандаа өрсөлдөөнт бөөний зах зээл рүү орох ёстой. Одоохондоо төр зохицуулж байна гээд балраад байгаа. Тийм болохоор Дулааны хууль бие даасан байх ёстой гэж үзэн 2025 оны дөрөвдүгээр сард боловсруулж дуусаад нийтдээ 34 удаагийн хэлэлцүүлгийг 1916 хүнд хийсэн. Бид 159 компани руу хуулиа албан бичгээр явуулж санал авсан. Яагаад албан бичгээр явуулсан гэхээр 2024 оны есдүгээр сард ажлын хэсэг байгуулагдаад Эрчим хүчний тухай хуулийг шинэчлэх гэж байна саналаа өгөөрэй гэж сарын хугацаанд онлайнаар төслийг тавьсан ч бараг санал ирээгүй. Маш цөөхөн хүн санал илгээсэн. Тиймээс “Нэгдүгээрт энэ хууль гарахаар дулаан хангамжийн салбарт ажиллаж байгаа та бүхний эрх ашгийг хөндөнө. Хоёрдугаарт, та бүхэн энэ салбарт ажиллаж байгаа учраас салбарын асуудлуудаа сайн мэднэ, энэ хуулийг анхааралтай сайн уншаад саналаа хэл. Тиймээс энэ бол та бүхний үүрэг. Та бүхнийг хууль боловсруулах үйл ажиллагаанд оролцохыг урьж байна” гэж албан бичгээр хандсан юм. Ингэхэд нийтдээ 47 байгууллагаас давхцсан тоогоор 800 гаруй санал хоёр сарын хугацаанд Ажлын хэсэг дээр цугласан. Эдгээр саналууд дээр бид хоёр сар гаруй ажилласан. Энэ арга барилыг би Австралийн зөвлөх үйлчилгээний компаниас суралцсан юм. Тэнд хүнийг бол чангалдаг. Арван сэтгэгдэл ирлээ, тэрийг тусгалаа, дахиад төслийг илгээлээ гэх мэтээр ажилласаар байгаад эцэслэдэг. Тэр утгаараа албан бичиг явуулаад ахин дахин хэлэлцүүлгийг хийсээр яваад “D Parlament”’ дээр төслийг тавьсны дараа өнгөрсөн хавар УИХ-ын даргад өргөн барьсан. Эдгээр төслийн хувь заяаг ажлын хэсгээрээ маш сайн хэлэлцүүлсэн. Ажлын хэсгээрээ Дулааны хуулиа түрүүлж явуулъя гэхэд Б.Найдалаа миний хажууд сууж байсан. Бүгдээрээ Дулааны хуулиа хэлэлцүүлээд батлуулчих юм бол Цахилгааны хуулиа явуулъя гэж. Сая Дулаан хангамжийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороон дээр дэмжихэд ийм өргөн хүрээнд хэлэлцүүлэг, албан бичгээр хариу авдаг жишиг байгаагүй, дээрээс нь дулаан хангамжийн салбар анх удаа хуультай болох гэж байгаа гээд салбарынхан маш их баяртай байлаа. Дулааны хувьд зохицуулаагүй маш олон харилцааг зохицуулах байсан.
-Дулаан хангамжийн хуулиар шийдэх ёстой гол зарчмын өөрчлөлт юу байв?
-Төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлнэ. Ялангуяа бид төвлөрсөн дулаан хангамж гэдгээс болоод хот дулааны шугамаа дагаж төвлөрөөд байгаагаас төлөвлөлт, түгжрэл утгаа алдаж байгаа. Тиймээс бид хэсэгчилсэн, бие даасан дулаан хангамжийн систем гэдэг цоо шинэ ойлголт гаргаж ирсэн. Төр үүнд ерөөсөө оролцохоо болъё, хувийн хэвшил хөрөнгө оруулагчаа олоод хэрэглэгчдийг дулаанаар хангаад явдаг болох зарчим. Тэгвэл төвлөрөл багасч, хот тэлж хөгжинө. Дулаан хангамжийн тоолуурын асуудал дээр манайх м.кв, м.куб-ээр дулаанаа тоолж байна. Энэ нэг талаараа маш шударга бус мөнгө төлж байгаа. Яагаад гэхээр та өвлийн удиралд 2-3 сараар гадаад явахад мөнгө гүйж л байдаг, дээрээс нь та тоолуур байхгүй болохоор цонхоо онгойлгоод дулаанаа тохируулж байна. Асар өндөр үнээр үйлдвэрлэгдэж байгаа тэрхүү дулаан зүгээр л салхинд хийсч байна гэсэн үг. Мэдээж хэмжээгүй учраас та хэмжиж, бас хэрэглээгээ хянаж чадахгүй. Гэх мэт олон дутагдалтай учраас цаашдаа дулааныг тоолдог болъё. Дулааныг тоолууртай болгохоор асар их хэмжээний дулааны эх үүсвэр шинээр бий болно гэж харж байгаа. Үүн дээр би нэг жишээг авдаг. Эрдэнэтийн цэвэрлэх байгууламж хэдэн жил халиад л урсаад л ёстой болохоо байлаа, шинэ цэвэрлэх байгууламж баръя, цэвэрлэх байгууламжаа өргөтгөе гэж байсан. Бүх айлуудад цэвэр усан дээр нь тоолуур тавьсан, нөгөө цэвэрлэх байгууламж дундарсан. Тийм сонин.
Түүнтэй адилхан бүх айлууд тоолууртай болоод хэмнээд эхлэх юм бол маш их хэмжээний дулааны эх үүсвэр бий болно. Тэр хэмжээгээрээ хуримтлал үүснэ. Та яавал эрчим хүчээ хэмнэх вэ, яавал мөнгөө хэмнэх вэ, гадаад явсан ч гэсэн та дулаанаа байж болох доод хэмжээнд тавиад явахад танд мөнгө гарахгүй гээд олон давуу талууд үүснэ. Дулааны салбарт байдаг бүхий л оролцогч талуудын харилцааг маш цогц байдлаар зохицуулах хууль боловсруулсан ч эцэст нь уначихлаа. Эдийн засгийн байнгын хороон дээр дэмжигдсэн. Чуулган дээр асуулт асуусан бүхий л гишүүн бараг л дэмжээд байсан атлаа эцсийн мөчид байхгүй. Энэ бол байж болохгүй асуудал. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд намайг хорлосон мэт харагдах ч олон хүний зарцуулсан цаг хугацаа, хүч хөдөлмөр үүний цаана байгаа. Энэ бол бүхэл бүтэн салбарыг хорлосон үйл ажиллагаа гэж би үзэж буй.
-Яагаад унав аа, чуулганы өмнө юу болсон юм бэ. Та эрчим хүчний сайн мэргэжилтний хувьд биш улстөрчийн хувьд үүнийг юу гэж харж байна вэ?
-Гурав хүн байхад л дэмжигдэхээр байсан. Арай дэндүү байсан. Манайхан санал хураахдаа за бүх гишүүдээ дууд, ирцийн санал хураалт хийе, ирцийн санал хураалт хийе олон хүн оролцуулъя гэдэг ч тэр бэлтгэл ч хийгдээгүй. Би бол зүгээр хүмүүсийн асуултад яаж зөв зүйтэй хариулж, асуудлаа ойлгуулах вэ гэдэгтээ анхаарсан.
-Асуудлаа л ойлгуулчихвал дэмжинэ гэж бодсон уу?
-Тийм. Анх удаа мэргэжлийн, салбарын тулгамдсан үй түмэн асуудлыг шийдвэрлэх хуулийг оруулж ирж байгаа учраас дэмжлэг авна гэдэгт итгэлтэй байсан ч цаагуур нь их муухай хуйвалдаан явагдаад л уначихсан. За ёстой хэлэх үг олдоогүй. Энэ УИХ гэж юуны төлөө юм бэ?!
-Хуулийг унагах нь хэнд ямар ашигтай байсан гэж бодож байна?
-Хамгийн гайхалтай нь миний нүдийг орой дээр гаргасан зүйл бол энэ ажлын хэсэгт хамгийн идэвхтэй оролцоод явсан, энэ салбарыг толгойлж байгаа, энэ салбарын асуудлыг шийдэх, хөгжлийг нь урагшлуулах үүрэгтэй сайд нь зохион байгуулаад энэ хуулийг унагаж байна гэдэгт хэлэх үг ч олдохгүй байна. Манай ажлын хэсэг нийтдээ 34 удаагийн хурал хийхэд түүний 50 гаруй хувь дээр нь суусан хүн шүү дээ. Гайхалтай. Логикийг нь ч ойлгохгүй байгаа. Тэр хүн энэ салбарыг удирдаагүй, энэ ажлын хэсэгт ажиллаагүй байсан бол өөр хэрэг. Би тэр хүнийг сайдад нэр дэвшихэд нь намынхаа удирдлагуудад “Энэ хүн бүтэн жил миний ажлын хэсэгт явсан. Эрчим хүчний талаар овоо мэдээлэл, мэдлэгтэй болсон шүү” гэж хэлж байлаа. Гэтэл сайд болоод л 180 градус эргэсэн6
-Хуулийг унагалаа гээд тэдэнд ашиг олж болох юм нь юу юм бэ. Нэгт, М.Энхцэцэг гэдэг хүнийг улстөрчийн өрсөлдөөнд боож байна гэж үзье. Хоёрт өөр ямар ашиг сонирхол байна гэж?
-Байлгүй яах юм бэ. Яагаад гэхээр энэ салбарт маш их хүнд суртал, тусгай зөвшөөрөл үйлчилж байна. Дулааны шугамд холбогдоход ямар хүндрэл бэрхшээл байдаг билээ. Үс арзайлгасан үй түмэн асуудал байна шүү дээ. Тэр бүхнийг шийдэх эрх мэдлийг мөнгөөр үнэлэхийн тулд шинэчлэлээс татгалзаж байна гэж шууд хэлье.
-Монголд дулааны шугам дууссан газраас гэр хороолол эхэлж байгаа шүү дээ?
-Энэ бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй, шийдвэрлүүлэхгүй байна гэдэг нь энэ нөхөд хүнд суртлаа үргэлжлүүлээд л, хулгайгаа хийгээд, тусгай зөвшөөрлөөрөө наймаалцаад л явах сонирхолтой байна. Одоо та бүхэн харж байгаарай, энэ сайд гарснаас хойш эрчим хүчний үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл зарна гэдэг зар эрс ихэссэн. Нөгөөх нь техникийн нөхцөл гээд бий. Гэтэл техникийн нөхцөл гаргаж өгнө гэдэг зар фейсбүүкээр нэг байна. Энэ юуг хэлээд байна вэ. Би бүүр аргаа бараад хэвлэлийн бага хурал хийсэн. ХҮН нам хууль гацаах, үнэ нэмэх, хулгай хийх, хүн солих ийм л ажил хийлээ. Өөр юу хийж байгаа юм бэ? Реформыг хуулиар л хийдэг. Реформ гэдэг чинь тогтолцооны өөрчлөлтийг хэлдэг. Гэтэл хаана байна. Бүр өөрийн гараар өөрөө хамт босгосон хуулиа өөрөө хуйвалдаан зохион байгуулаад унагаад сууж байна гэдэг чинь байж болохгүй асуудал биз дээ.
- Засгийн газрын танхимын тэргүүн Ерөнхий сайд энэ асуудал дээр юу гэсэн бэ?
- Ерөнхий сайд над руу “Харамсалтай юм боллоо, бууж өгч болохгүй шүү” гээд мессэж бичээд байсан.
-Эрчүүдийн тийм худлаа зүйлд та хууртахаа хэдийнээ больсон биз дээ? Өмнө нь Эрчим хүчний яам дээр Засгийн газар, УИХ дээр мэдэгдээгүй аукцион зохион байгуулсан. Энэ асуудлыг та УИХ дээр гаргаад тавихад манай эрх мэдэл бүхий эрэгтэй улстөрчид “Өө болгоно шийднэ, ёстой таны зөв байна” гээд нүүрэн дээрээ тайвшруулаад өнгөрсөн ч ард талд нь тэдний хийсэн үйлдэл нь өөр байсан?
-Тийм. Бүүр тодруулбал, наад асуудлаа битгий ярь гээд тайвшруулж байгаа үг юм билээ. Би Эрчим хүчний яаман дээр болсон сэргээгдэх эрчим хүчний аукцион яагаад байж болохгүйг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, сайдуудад тайлбарлахад бүгд л ойлгоод байсан. Сангийн сайд З.Мэндсайхан би бүхэл бүтэн энэ салбарын Төрийн нарийн байсан, би мэдэж байна гээд хэлж байсан хүн шүү дээ. Гэтэл Засгийн газар дээр очингуутаа “М.Энхцэцэг гишүүний ярьж байгаа буруу шүү. Наад аукционыг чинь явуулах ёстой шүү” гээд л. Сангийн сайд З.Мэндсайхан тасралтгүй эхнээсээ л ярьсан. Манай бүлгийн хурал дээр “За М.Энхцэцэг гишүүний ярьж байгаа асуудал үнэн шүү. Юун 500, 600 МВт-ын сэргээгдэхийн аукцион зарлах вэ, энэ чинь зүгээр л Тавантолгойг байхгүй болгох асуудал шүү. Хэдүүлээ үүнийг бүлгээрээ авч хэлэлцье” гээд их л дэмжээд байсан юм. Тэр бүлгийн хурал дээр зөвхөн З.Мэндсайхан биш, П.Сайнзориг, Ч.Ундрам, Д.Үүрийнтуяа гээд олон гишүүн дэмжиж бүлгээрээ оруулъя гэж ярьсан. Тэгээд Засгийн газрын хуралдаан дээр Ж.Энхбаяр миний байр суурийг дэмжсэн байна лээ. Харин Шадар сайд Т.Доржханд “Үүнийг зарлана, тэр М.Энхцэцэг яриаг байгаа буруу, худлаа шүү” гэхэд араас нь Г.Дамдинням, З.Мэндсайхан хоёр үг хэлсэн гэсэн. Г.Дамдинням намайг дэмжиж юм яриагүй юм. Одоо ерөнхийдөө маш их сэтгэлээр унаж байна. Яг юуны ч төлөө буцаж ирсэн юм. Сонин хуйвалдаан, хулгай, луйвар, шударга бус юман дунд л. Би хуулиа бичээд сууж байхын оронд тэр хулгай луйвар, хуйвалдаанд нь оролцоод миний хуулийг дэмжээч гээд царай алдаад явж байх ёстой юм байна. Ийм муухай арга барил байж болохгүй биз дээ.
-Хуулийн хувь заяаг хуйвалдаан дунд шийднэ гэдэг төрийн эрхийг хулгайлах нэг хэлбэр шүү дээ. Хууль батлах гэдэг бол УИХ-ын эрх мэдэл, үүрэг.
-Нэг төрлийн эрхээ худалдана гэсэн үг шүү дээ. Аймшигтай хуйвалдаан, хулгай, луйвар явсанд би үнэхээр эмзэглэж, эмгэнэж байна. Энэ бол дулаан хангамжийн салбарын хөгжил, дэвшлийг хааж байна. Дулааны техникийн нөхцөл авна гэдэг нь үстэй толгой арзайлгасан асуудал хэдэн мянгаараа жагссан байдаг. Дулааны үнэ тарифийг шударга бусаар төлж байна. Хөдөө орон нутагт байгаа усан халаалтын зуух буюу уурын зуух гээд яриад байдаг тэд чинь төрийн байгууллагуудаас шоо метрээр нь тооцоод мөнгө аваад сууж байдаг. Хувийн хэвшил, айл өрхүүдийг цахилгаанаар, дулаанаар хангадаггүй. Архангай аймаг гэхэд дулаанаа шугам сүлжээтэйгээ хувьчилчихсан. Тэр аймгийн ганц хаан эзэн сууж байна.Уг нь энэ бүх асуудлыг хамтдаа шийдэх ёстой гээд сэтгэл шулуудаад орсон л доо.
Цахилгаан хангамжийн тухай хуулийг ноороглочихсон байгаа. Цахилгаан хангамжийн хувьд бид өрсөлдөөнт бөөний зах зээл рүү шилжих ёстой. Тэр тусдаа сэдэв юм. Бас бүтэн реформын хууль болно. Эрчим хүчний тухай хуулийг 2001 оноос хэрэглэж эхэлснээс хойш нэг худалдан авагчийн загварыг мөрдөж байна. Цахилгаан станцууд, хэрэглэгч хоёрын дунд төр лаглайгаад суучихсан загвар. Энэ загвар маш олон дутагдалтай болохыг дэлхийн бусад бүх улс орон баталчихсан. Тийм учраас дараагийн загвар руу аль хэдийнэ шилжчихсэн. Манайх болохоор энэ загварыг 25 жил тэврээд хэвтчихсэн. Энэ сэдвийг тусад нь ярих ёстой юм.
© 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ