Дэлхийн бүжгийн спортын холбоо буюу "WDSF"-ны гишүүн байгууллага болох Монголын бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан Хореографик латин бүжгийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны аравдугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд “Star Dance Mongolia” клубын "senior" нэг насны “Star Queen”, өсвөр насны “Star Girls” болон Эрдэнэт хотоос оролцсон “Star Erdenes” багууд өрсөлдөж, өндөр амжилт үзүүллээ. Тодруулбал, "senior" нэг нас буюу 35-45 насны ‘Star Queen” баг тэргүүн байр эзэлж, Монгол Улсын аварга боллоо.
2025 оны дэлхийн аварга, Монгол Улсын аварга “Star Girls” баг аварга цолоо дахин бататгаж, хореографик латин бүжгийн өсвөр насны ангилалд Монгол Улсын аварга цолоо хамгааллаа.
Харин Эрдэнэт хотоос оролцсон “Star Erdenes” баг 14 багаас гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэд болов. Ингэснээр гурван баг бүгд 2026 оны арваннэгдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Испанийн Гвадалажара хотод болох Хореографик бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхтэй болж байгаа юм.
“Star Dance Mongolia” клубын “Star Girls” баг 2025 онд дэлхийн шилдэг есөн орны 12 багтай өрсөлдөн Д.Батсайханы дэглэлт “Хунт нуур” бүжгээрээ дэлхийн аварга болсон нь Монголын бүжгийн спортын төдийгүй багийн спортын түүхэнд бичигдэх бахархалт амжилт байлаа.
Энэ жил улсын аварга цолоо дахин хамгаалснаар дэлхийн тавцанд эх орноо төлөөлөх дараагийн сорилтод хүчээ сорихоор бэлтгэлээ үргэлжлүүлж байна.
Энэ удаа “Star Dance Mongolia” клуб гурван багийн бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн аваргад оролцохоор бэлтгэж байгаа нь Монголын бүжгийн спортын хөгжил, багийн бүжгийн ур чадвар, өрсөлдөх чадвар өсөн нэмэгдэж буйн илэрхийлэл юм.



© 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ