Хууль бусаар мод бэлтгэсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Б. Марал
2026-04-21
/
Хууль эрх зүй

Хууль бусаар мод бэлтгэсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

 

Прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргээр 2025 онд 217 хүнд холбогдох 190 хэрэгт, 2026 оны I улирлын байдлаар 38 хүнд холбогдох 35 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлэсэн байна. 

Ойн тухай хуульд зааснаар арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт гэсэн гурван зориулалтаар зөвшөөрөлтэйгөөр зөвхөн огтлолтоор мод бэлтгэхийг хууль ёсны гэж үзэх бөгөөд гэрээ, зөвшөөрөлгүй, эсхүл зөвшөөрсөн тоо хэмжээнээс хэтрүүлж мөн зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүй мод бэлтгэх” гэдэгт ой, ойн сан бүхий газарт ургасан модыг зохих зөвшөөрөлгүйгээр шууд санаатай, шунахайн сэдэлтээр халдаж, хөрөөдөх, тастах, цагаалах зэрэг огтлох үйлдлээс гадна модыг технологийн бус аргаар тухайлбал, үндэстэй нь хөрснөөс сугалах, булгалах зэргээр газрын гадарга, хүрээлэн буй орчноос салган авч ойн санг бүрдүүлэгч хүчин зүйлийн даац чадавхид хохирол учруулсан, төлөв байдлыг доройтуулсан аливаа сөрөг үйлдэл хамаарна.

Прокуророрын байгууллагаас хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргээс өнгөрсөн 7 хоногт шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргийн талаар хүргэж байна.

Архангай аймгийн прокурорын газраас:

- Ч.П нь 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Зүрх уулаас зохих зөвшөөрлийн бичиггүйгээр 6 ширхэг шинэс мод хууль бусаар бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Ч.П-г гэм буруутайд тооцож, 900 мянган төгрөгийн торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, хураагдсан шинэс моднуудыг улсын орлого болгож, ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 1 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. 

Дорнод аймгийн прокурорын газраас:

- Ж.А нь 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймаг Баян-Уул сумын Үйсэн гэх газраас 40 ширхэг шинэс мод хууль бусаар бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Ж.А-г гэм буруутайд тооцож, 500 мянган төгрөгийн торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, хураагдсан шинэс моднуудыг улсын орлого болгож, ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 1,1 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.   

- Б.Б нь 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймаг Баян-Уул сумын үйсэн гэх газраас 40 ширхэг шинэс мод хууль бусаар бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Б.Б-г гэм буруутайд тооцож, 1 сая төгрөгийн торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө, хураагдсан шинэс моднуудыг улсын орлого болгож, ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 1,1 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.   

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

- Төрийн албан хаагч С.Т нь 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гүнжийн ам” гэх газраас улиангар, шинэс зэрэг модыг зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх шилжүүлсэн. Шүүхээс С.Т-г гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж, 35,8 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Иргэн уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон ахуйн хэрэглээний хэрэгцээнд ойгоос мод бэлтгэхдээ Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтад зааснаар мод бэлтгэх хүсэлтээ ойн анги, эсхүл тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчид гаргаж шийдвэрлүүлэх журамтай болохыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 8.2 хувийг ойн сан бүхий газар эзэлж, нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа тул иргэд та бүхэн Монгол Улсын Үндсэн хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хүлээсэн “Байгалиа хамгаалах” журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нийслэлийн Засаг дарга мопед, скүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой захирамж гаргалаа

2026-07-22

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-22

Дэлхийн адууны өдрийг энэ сарын 10-13-нд Хүй долоо худагт тэмдэглэнэ

2026-07-07

Илүү олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авна

2026-07-03

Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна

2026-07-03

Суррон болон цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах шинэ хууль хэрэгжиж эхэллээ

2026-07-03

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн анхдагч хуультай боллоо

2026-07-03

Наадмаар 6 чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-07-02

"Баяр наадмын тасалбарын хуваарилалтыг E-Mongolia-гаар шийдэх боломжтой"

2026-07-01

Өнөөдрөөс эхлэн долоо хоног огцом халах төлөвтэй байна

2026-07-01

Долоодугаар сарын 10-19-ний хооронд бүх нийтээр 10 хоног амарна

2026-06-30

Л.Ганбат: Энэ жилийн ЭШ-аар нийт 194 шалгуулагч 800 оноо авсан.

2026-06-29

Кабо Верде улсад ДАШТ-ий анхны оноог авчирсан хаалгачийн ээж визийн бондоос чөлөөлөгдөж, АНУ-д ирэхээр болжээ

2026-06-19

" The Mongolz" багийн дараагийн оролцох тэмцээний тов гарлаа

2026-06-19

Хиймэл оюун хүмүүсийн ажлыг булаахгүй, харин шинэ ажлын байраар хангахыг Амазоны үүсгэн байгуулагч зөгнөв.

2026-06-19

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28