Пакистан болон БНХАУ Ойрх Дорнодод энх тайван тогтоох зорилгоор таван хэсэг бүхий хамтарсан санал дэвшүүллээ. Пакистаны Гадаад хэргийн сайд Ишак Дар мягмар гарагт Бээжин хотод айлчилж, Хятадын дэмжлэгийг авахыг зорьсон нь дайныг зогсоох хэлэлцээг урагшлуулах оролдлогын нэг байв.
Ишак Дар болон Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нарын нэг өдрийн уулзалт Пакистан АНУ болон Иран хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх оролдлого хийж буйтай давхцсан ч, дайн намжих шинж харагдахгүй хэвээр байна.
Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд энэхүү айлчлал нь Иран дахь мөргөлдөөнтэй холбоотойгоор хоёр улсын хамтын ажиллагааг “бэхжүүлэх” болон энх тайвны төлөө “шинэ хүчин чармайлт гаргах”-д чиглэсэн гэжээ.
Одоогоор Хятад улс Ойрх Дорнод болон Персийн булан дахь мөргөлдөөнөөс тодорхой зай барьсан байр суурь баримталж байна. Гэсэн ч Тегеран дахь засгийн газартай харилцаатай бөгөөд Ираны нефтийн хамгийн том худалдан авагч хэвээр байгаа юм. Бээжин анхны АНУ болон Израиль-ын цохилтыг буруушаасан ч, түүнээс хойш төвийг сахисан байр суурь баримталж, гал зогсоохыг уриалж, мөн Ормузын хоолойгоор нефтийн танкеруудыг аюулгүй нэвтрүүлэх талаар Ирантай шууд хэлэлцээ хийж байна.
Уулзалтын дараах хамтарсан мэдэгдэлд хоёр улс нэн даруй гал зогсоохыг уриалж, далайн тээврийн чухал замуудын, тэр дундаа хаагдсан хоолойн аюулгүй байдлыг хангахыг онцолсон бөгөөд энхийн таван заалт бүхий санаачилга танилцуулжээ.
Мэдэгдэлд “мөргөлдөөнийг шийдвэрлэх цорын ганц бодит арга бол яриа хэлэлцээ, дипломат ажиллагаа” гэж онцолсон ч, дайнд оролцогч талуудыг нэг ширээний ард суулгах бодит ахиц харагдахгүй байна.
Энэ долоо хоногт Дональд Трамп Ирантай хийж буй хэлэлцээ “маш амжилттай” явагдаж байна гэж мэдэгдсэн бол Тегеран шууд яриа хэлэлцээ огт болоогүй хэмээн няцаажээ.
Сүүлийн үед Пакистан гал зогсоох хэлэлцээг ахиулахад идэвхтэй оролцож, энхийн хэлэлцээг Исламабад хотод зохион байгуулах санал дэвшүүлээд байна. Тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф болон армийн командлагч Сайед Асим Мунир нар Дональд Трамп, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан болон олон улсын удирдагчидтай холбоо тогтоон, талуудын хооронд мэдээлэл дамжуулж байгаа аж.
Ням гарагт Исламабад хотод Саудын Араб, Турк, Египетийн гадаад хэргийн сайд нар уулзаж, бүс нутгийн шийдэл эрэлхийлсэн ч АНУ болон Иран оролцоогүй нь хэлэлцээний нөлөөг сулруулсан гэж үзжээ.
Нөгөө талаар Пакистан Саудын Арабтай саяхан батлан хамгаалах гэрээ байгуулсан нь Персийн булангийн орнууд Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа эрчимжүүлбэл Исламабадыг хүсээгүй дайнд татагдах эрсдэл бий болгож байна.
© 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ