Жин хасах эмүүд донтох эрсдэлийг бууруулж магадгүйг судалгаа харууллаа
Б. Марал
2026-03-05
/
Дэлхий

Жин хасах эмүүд донтох эрсдэлийг бууруулж магадгүйг судалгаа харууллаа

 

Жин хасах болон 2-р хэлбэрийн чихрийн шижинг эмчлэхэд хэрэглэдэг зарим эмүүд архи, тамхи болон мансууруулах бодист донтох эрсдэлийг бууруулах боломжтой байж магадгүйг АНУ-д хийсэн шинэ судалгаа харуулжээ. Мөн аль хэдийн мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийн хэтрүүлэн хэрэглэх, эмнэлэгт хүргэгдэх эсвэл нас барах эрсдэлийг ч бууруулах боломжтой гэж судлаачид үзсэн байна.

Судалгааны дүнг British Medical Journal сэтгүүлд нийтэлсэн бөгөөд GLP-1 төрлийн эмүүд тархинд илрэх өөрийгөө шагнах системд нөлөөлж, хүслийг бууруулах замаар ийм нөлөө үзүүлдэг байж болзошгүй гэж тайлбарлажээ. Эдгээр эмүүд нь хоол идсэний дараа ялгардаг дааврыг дуурайлган үйлчилж, хүнийг хурдан цатгалан мэдрэмжтэй болгодог.

АНУ-ын судлаачид 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй 606, 434 ахмад дайчдын мэдээллийг ашиглан гурван жилийн хугацаанд ажиглалт хийжээ. Үүний үр дүнд GLP-1 төрлийн эм хэрэглэсэн хүмүүсийн дунд архитай холбоотой эмгэг үүсэх эрсдэл 18 хувь, каннабис хэрэглэх эрсдэл 14 хувь, кокаин болон никотин хэрэглэх эрсдэл тус бүр 20 хувь, опиоид хэрэглэх эрсдэл 25 хувиар буурсан нь тогтоогдсон байна. 

Мөн аль хэдийн мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийн хувьд эдгээр эмүүдийг хэрэглэснээр хэтрүүлэн хэрэглэх эрсдэл 39 хувь, яаралтай тусламжид хандах 31 хувь, нас барах эрсдэл 50 хувиар буурсан гэсэн дүн гарчээ.

Их Британийн Эмийн санчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч профессор Клэр Андерсон “Энэхүү судалгаа GLP-1 төрлийн эмүүд тархины донтох, шагналын системтэй холбоотой замуудыг өөрчилж болох эсэхийг судалж буй шинэ чиглэлийн нэг хэсэг юм” гэж онцолсон байна. Гэсэн хэдий ч энэ нь зөвхөн ажиглалтын судалгаа тул эдгээр эмүүд донтох эмгэгийг шууд эмчилдэг эсвэл урьдчилан сэргийлдэг гэж баттай хэлэх боломжгүй бөгөөд илүү нарийвчилсан клиник туршилт шаардлагатай гэдгийг тэрээр нэмж хэлжээ.

Үндэсний Эмийн сангийн холбооны төлөөлөгч Гарет Жонес “Энэ бол маш чухал судалгаа бөгөөд жин хасах эмчилгээ нь эрүүл мэндийн бусад олон талын ашиг тустай байж болохыг харуулж байна” гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч таргалалттай хүмүүст эдгээр эмийг нэвтрүүлэх Их Британийн эрүүл мэндийн системийн явц “маш удаан” байгааг тэр шүүмжилжээ.

Нөгөө талаас өөр нэг судалгаагаар GLP-1 төрлийн эмийг хэрэглэхээ больсон хүмүүсийн ихэнх нь алдсан жингийнхээ ихэнхийг буцаан нэмдэг болохыг тогтоосон байна. Кембрижийн их сургуулийн судлаачдын хийсэн 48 судалгааг хамарсан мета-шинжилгээгээр хүмүүс эмийг зогсоосноос хойш нэг жилийн дотор алдсан жингийнхээ 60 хувийг, цаашлаад нийтдээ 75 хувийг буцаан нэмдэг аж. Ингэснээр урт хугацаанд жингийн бууралт ердөө 25 орчим хувь хэвээр үлддэг гэж судлаачид дүгнэжээ.

Судалгаагаар мөн GLP-1 эм хэрэглэгчдийн тал орчим нь нэг жилийн дотор эмээ зогсоодог бол хоёр жилийн дараа хэрэглэгчдийн 75 хувь нь бүрэн зогсоосон байдаг байна. Үүний шалтгаанд дотор муухайрах зэрэг гаж нөлөө болон өндөр өртөг нөлөөлдөг гэж үзжээ.

Түүнчлэн судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь жин хасах эм хэрэглэж байгаагаа гэр бүл, найз нөхдөөсөө нууж явдаг аж. Учир нь бусдын шүүмжлэл, “амар аргаар жин хасаж байна” гэсэн ойлголтоос эмээдэг гэж судалгаанд дурдсан байна. 3,000 гаруй хэрэглэгчийг хамруулсан санал асуулгаар тэдний 38 хувь нь ийм шүүмжлэлд өртсөн бөгөөд үүний 79 хувь нь “амар аргаар жин хасаж байна”, 68 хувь нь “зүгээр л бага идэж, илүү хөдөл” гэсэн шүүмж сонссон гэжээ.

Хэдийгээр жин хасах эмүүдийн нөлөө, урт хугацааны үр дүнгийн талаар судалгаа үргэлжилж байгаа ч таргалалт, донтох эмгэг зэрэг олон асуудалд давхар нөлөөлөх боломжтой байж магадгүй гэдгийг энэ удаагийн судалгаа харуулж байна.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

2026-05-28

Хачигт хазуулахаас сэргийлье

2026-05-28

Ахмад настнууд орон нутагтаа тав тухтай орчинд сувилуулах нөхцөл бүрдлээ

2026-05-28

Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

2026-05-28

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн Боловсролын яамны ёс зүйн дэд хорооны гишүүдтэй уулзлаа

2026-05-28

"Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо

2026-05-28

Европын орнуудаас шинэ технологи нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв

2026-05-28

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-28

СХД-ийн 28-р хороонд 1000 хүүхдийн баярын арга хэмжээ боллоо

2026-05-28

СХД-ийн 7 дугаар хороо, “Тэс Петролиум” ШТС-аас “Жива” маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг маргааш хаана

2026-05-28

1072 хувьцааг өвлүүлэн шилжүүлэхтэй холбоотой 3 төрлийн сервис хөгжүүлж, ХУР системд нийлүүллээ

2026-05-28

Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ

2026-05-28

Эбола вируст өвчний дэгдэлт тохиолдлын тоо нэмэгдэж байна

2026-05-28

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд

2026-05-28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2026-05-28

Хятадад малчин ажилд авна гэх зарын дагуу 700 анкет иржээ

2026-05-28

Мал эмнэлгийн салбарын тулгамдсан асуудлыг бүрэн зургаар харж, цогцоор нь шийднэ

2026-05-28

Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

2026-05-28

Америкийн зэвсэгт хүчин Иранд дахин цохилт өгчээ

2026-05-28

Европт нийлүүлж буй зэвсэг техникийн тоо хэмжээг эрс бууруулна

2026-05-28