Орос улс эдийн засаг болон хүний нөөцийн дарамт нэмэгдэж байгаа ч 2026 он дуустал Украин дахь дайнаа үргэлжлүүлэх боломжтой хэвээр байна гэж Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн (IISS) дүгнэжээ. Тус хүрээлэнгийн ерөнхий захирал Бастиан Гигерих “Орос Украинтай хийж буй дайнаа тав дахь жилдээ үргэлжлүүлэх чадвар нь суларсан гэх тодорхой шинж тэмдэг бараг алга” хэмээн онцолсон байна.
IISS-ийн мэдээлснээр Кремль 2025 онд батлан хамгаалах салбарт дор хаяж 186 тэрбум ам.доллар зарцуулсан нь бодит өсөлтөөр 3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Энэ нь Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний 7.3 хувийг эзэлж байгаа бөгөөд АНУ-ын зарцуулж буй хувь хэмжээнээс хоёр дахин их, Их Британиас гурав дахин өндөр түвшин юм.
Тус хүрээлэнгийн батлан хамгаалахын санхүүгийн шинжээч Фенелла МакГертигийн хэлснээр
Оросын эдийн засгийн өсөлт саарч байгаа ч 2021 оноос хойш цэргийн зардал бодит дүнгээрээ хоёр дахин нэмэгдсэн нь богино хугацаанд довтолгооны чадавхийг хадгалах боломж олгож байна. Ингэснээр Орос улс зэвсэглэл, цэрэг татлагад илүү их хөрөнгө зарцуулж, Украинд газар болон агаараас тасралтгүй довтолгоо хийх нөхцөлийг бүрдүүлжээ.
Тус хүрээлэнгийн Орос судлаач, Их Британийн Беларус дахь экс Элчин сайд Найжел Гоулд-Дэвисийн мэдээлснээр Оросын сар тутмын шинэ цэрэг элсүүлэх тоо (30–35 мянга орчим) тулалдаанд амсаж буй хохирлын хэмжээнд хүрэхгүй болж эхэлсэн шинж тэмдэг ажиглагдаж байна. Гэвч Москва фронтын довтолгооны эрчийг бууруулснаар хохирлоо багасгах боломжтой гэж тэр үзжээ.
Хэрэв элсэлт буурсан хэвээр үргэлжилбэл Кремль дахин албадан дайчилгаа зарлах “шийдвэрлэх мөч”-тэй тулгарч болзошгүй бөгөөд энэ нь 2022 оны есдүгээр сард болсон дайчилгааны үеийнх шиг нийгмийн эсэргүүцэл дагуулах эрсдэлтэй юм.
Европын НАТО-гийн холбоотнууд болон Канад улс батлан хамгаалахын зардлаа 2035 он гэхэд ДНБ-ий 3.5 хувьд хүргэх амлалт өгсөн. Гэвч IISS-ийн жил тутмын “The Military Balance” тайланд дурдсанаар ийм зорилтод хүрэхийн тулд тогтвортой, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд олон улс оронд бусад салбарын зардлыг танах хүнд сонголт тулгарч болзошгүй байна.
Мөн Европ АНУ-аас цэргийн тагнуул, үүлэн тооцоолол, сансрын дэд бүтцийн хувьд хараат хэвээр байгаа тул энэ хамаарлыг бууруулахад 2030-аад оны дунд үе хүртэл хугацаа шаардагдана гэж шинжээчид дүгнэжээ.
Ийнхүү шинжээчдийн үзэж буйгаар Оросын дайны чадавх ойрын хугацаанд сулрах төлөв ажиглагдахгүй байгаа нь Европын аюулгүй байдлын бодлогыг илүү идэвхтэй, урт хугацаанд дахин тодорхойлох шаардлагатайг харуулж байна.
© 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ