УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнөөдөр /2026.07.01/ баяр наадмын зохион байгуулалттай холбоотой асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Үндэсний баяр наадмын бөхийн барилдааныг долдугаар сарын 10-нд эхлүүлж, 12-нд дуусгах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор зарим бөхчүүд, дасгалжуулагчид “найраа” болон бөхчүүдийн бие тэнхээтэй холбоотой асуудлыг хөндөж байр сууриа илэрхийлсэн. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Эерэг, сөрөг хоёр талтай. Өмнө нь 2006 онд гурван өдөр дараалсан барилдаан хийж байсан тохиолдол бий. Энэ нь бөхчүүдэд харьцангуй ядралт багатай байдаг. Сөрөг тал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ шууд үүнээс болж найраа явна гэж хэлэх боломжгүй, байж болох л асуудал. Даваа хоорондын зай ихэсч байна. Миний хувьд Бөхийн салбар хорооны дарга байхдаа 3–4-ийн даваа дууссаны дараа тавын давааг маш шахуу зохион байгуулдаг байсан. Дөрвийн даваа дуусмагц шууд ам авах хугацааг богино байлгах зэргээр ямар нэгэн хардлага төрүүлэхгүй байх шийдлийг хэрэгжүүлж байсан. Тамирчдын хувьд бол энэ шийдвэр зүгээр. Гэхдээ нөгөө талаас долдугаар сарын 10-нд Төрийн есөн хөлт цагаан тугийг залаагүй байдаг. Төрийн далбаагаа тойрч ёслолоо хийсний дараа 11–12-нд есөн хөлт цагаан тугаа тойрвол зохимжтой санагдаж байна. Гэхдээ би баяр наадмын комиссын гишүүн биш учраас энэ талаар албан ёсоор байр суурь илэрхийлэх нь зохимжгүй байна.
-Тэгш ойнуудад 1024 бөх барилддаг асуудлыг хууль эрх зүйн хувьд зохицуулах боломжтой юу?
-Тэгээсэй гэж бодож байна. Одоо бөхөөр барилдаж байгаа залуучууд олон байна. Бөхийн цолны үнэлэмж буурсан зүйл байхгүй. Ид барилдаж байгаа дархан аварга ганц л байна, даян аварга байхгүй. Аваргууд байгаа. Ид барилдаж байгаа арслан цолтой бөхчүүд ч мөн цөөхөн байна. Өргөн дэлгэр тэмдэглэдэг, үндэсний дархлаа болсон энэ баяраар аварга цолтон төрөхийг буруушаах зүйлгүй. Дурсамжтай, сайхан л байдаг. Зарим хүмүүс “явцуурч байна, олон цолтон төрж байна” гэж ярьдаг. Гэхдээ ихдээ л 20 орчим цолтон төрдөг шүү дээ.
-Баяр наадмын тасалбар өнөөдрөөс зарагдаж эхлээд богино хугацаанд дуусч байна. Одоо хар захын үнэ бараг 2 сая төгрөгт хүрэх гэж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Аль болох ил тод зарахыг зорьж, онлайн хэлбэрээр борлуулж байна. Гэхдээ маш богино хугацаанд дуусч байна. Хүртээмжийн хувьд 20 мянга хүрэхгүй суудалтай. Хуучин стадионд шахаж суулгадаг байсан бол шинэчлэл хийсний дараа суудлын стандарт мөрдөгдөж байгаа. Үзэх хүсэлтэй хүн олон байна шүү дээ. Үндэсний соёлын наадмаа зохион байгуулах хэмжээний стадион ч хангалтгүй байна. Энэ асуудал дээр нийслэл, төр, хувийн хэвшлийн түвшинд шийдэл хараахан бүрэн гараагүй байна.
-Шагийн наймаачидтай хууль эрх зүйн хувьд хэрхэн зохицуулах ёстой вэ?
-Би үүнийг хэлж мэдэхгүй байна. Угаасаа хаа сайгүй л байдаг асуудал. Харин иргэдийг онлайн системээр оруулахдаа түгжиж, хэн нэгэн бөөнөөр нь авах нөхцөл үүсвэл энэ нь зохион байгуулалттай гэмт хэрэг байж болзошгүй. Харин хувь хүн өөрийн үзэх тасалбараа авч, дараа нь бага зэрэг үнээр дамлан худалдах тохиолдлыг бүрэн хориглох боломж хэцүү. Харин “e-Mongolia” зэрэг системээр сугалаа мэт хуваарилах, эсвэл иргэдэд шударга хүртээмжтэй байдлаар олгох боломжийг сайжруулах нь зүйтэй гэж бодож байна.
© 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ