Монголын хөлбөмбөгийн холбоо(МХБХ)-ны Үндэсний Дээд лигийн тэмцээний 2025-26 оны улирал өнгөрөгч оны намар эхэлж, багууд 1-р тойргийн тоглолтуудаа хийгээд байсан билээ. Улмаар өвлийн улирлын завсарлагын дараа эргэн гадаа талбайн улирал эхэлж, Дээд лигийн тэмцээн 2-р тойргийн тоглолтуудаараа эргэн ирлээ. Энэ жилийн хувьд Монголын Дээд лигийн тэмцээний 30 жилийн ой тохиож буй гэдгээрээ онцлогтой юм. Мөн энэ хаврын тойргоос эхлэн Дээд лигийн тэмцээнийг эргэн МХБХ-ноос зохион явуулахаар болжээ.
Тэмцээний 2-р тойргийн тоглолтын өмнөх гол шуугиан лигийн сүүлийн 2 улирлын аварг “СП Фалконс” баг лигтээ үргэлжлүүлэн тоглох боломжгүй болсон нь байсан юм. Үүнийг дагаад аваргаа хамгаалагчдын бүрэлдэхүүн дэх шилдэг тоглогчид аль багууд руу шилжих вэ гэдэг нь үзэгч, дэмжигчдийн анхаарлыг татаж байлаа. Мөн нэг баг хасагдсан учраас лигийн систем өөрчлөгдөж, урьдын адил 3 тойрог тоглохгүй болсон. Тодруулбал 9 баг 2 тойрог тоглосны дараа эхний 4 баг хоорондоо нэмэлт 2 тойрог, сүүлийн 5 баг нэмэлт 1 тойрог тоглож дүнгээ гаргахаар боллоо. Ингэхээр эхний 4 баг 22 тоглолт, сүүлийн 5 баг 20 тоглолт хийснээр лигийн тэмцээн өндөрлөх юм.
Хаврын тойргийн нээлтийн тоглолт Дээд лигийн 2 удаагийн аварга “Улаанбаатар” болон “Ховдын Хүлэгүүд” багуудын хооронд боллоо. Хүснэгтийн дэд байрт жагсаж буй “Нийслэлчүүд” эхний 10 минутад 3 гоол хийж, бэлтгэл сайтай байгаагаа харууллаа. Улмаар 4:1 харьцаатай хожиж, улирлын 7 дахь хожлоо авч 23 оноотой боллоо. У.Тэмүүлэн энэ тоглолтод хеттрик хийсэн бол Б.Балжинням 1 гоол орууллаа. Шигшээ багийн довтлогч Б.Балжинням удаан хугацаанд бэртэлтэй байсны дараа өнгөрсөн улирлаас эргэн талбайдаа гарсан бөгөөд одоо өөрийн тоглолтоо 100% гаргах түвшинд байгаа нь энэ тоглолтоос харагдлаа.
“Улаанбаатар” багийн хувьд Европын хөлбөмбөгийн холбооны “A” зэрэглэлтэй дасгалжуулагч, Испани мэргэжилтэн Марио Песог багтаа ажиллуулж байна. Мөн энэ улирал гадны нэг л тоглогчтой байгаа нь үзэгчдийн эчнээ танил Акихиро Сүзүки юм. Тэрээр өмнө нь “Улаанбаатар” багийн бүрэлдэхүүнд Дээд лигт 2 улирал тоглож, алт, мөнгөн медаль хүртсэн амжилттай. Мөн 2023 онд аварга болохдоо лигийн шилдэг хагас хамгаалагчаар шалгарсан бөгөөд бүрэлэхүүний хамгийн чухал тоглогчдын нэг байсан билээ.
Тэд дотооддоо хийсэн онцлох наймаа гэвэл төвийн хамгаалагчийн байрлалд С.Жамбалбавууг авчээ. Шигшээ багийн олон шилдэг тоглогчийг бүрэлдэхүүндээ багтаасан “Улаанбаатар” баг Монгол тоглогчдоороо аварга авах дайралтаа ийн эхлүүллээ.
Өнгөрсөн улирал боломжгүй мэт зүйлийг боломжтой болгож Дээд лигтээ үлдсэн “Централ Сталлионс” баг энэ жил бүр ч илүү хүчтэйгээр орж ирсэн билээ. Тэд эхний 8 тоглолтын дараар байдлаар удаах багаасаа 2 онооны илүүтэй лигийг тэргүүлж байсан. Энэ удаад 2:1 харьцаатай “Хоромхон” багийг хожиж, хожигдолгүй цувралаа үргэлжлүүллээ. “Сталлионс” нийт 8 хожиж, 1 тэнцээд байна. Гоолуудыг Марселу ЖР 36’, Лукас Карвалю 52’(т.ц) нарын Бразил тоглогчид нь орууллаа.
“Азарганууд” мөн О.Энх-Оргил, Ч.Бат-Эрдэнэ, С.Отгонцагаан нарын сүүлийн 2 улирал аварга авсан чадварлагч хамгаалагчдыг багтаа авчээ. Тэдний туршлага, ур чадвар шинэ баг нь аварга авах зорилгод ихээхэн дэмжлэг болох нь дамжиггүй.

Нөгөө талд “Хоромхон” багийн ахлагч Н.Наранболд 7’(т.ц) нэг гоол орууллаа. Энэ улирал тэд залуучууддаа илүү боломж олгож, туршлага суулгах зорилготой байна. Тиймээс гадны тоглогчгүйгээр тоглож, шинэ залуу үедээ итгэл хүлээлгэж буй аж.

Энэ тойрогт лигийн хүснэгтийн 5 болон 6-р байрт ердөө 2 онооны зөрүүтэй бичигдэж байсан “Хантерс” болон “Вестерн” багууд учраа таарсан нь онцлох тоглолтуудын нэг байсан. Хэн хожсон 5-р байраа авах ач холбогдолтой тоглолтод багууд хуурай тэнцэж (0:0) оноо хуваалаа. “Хантерс” баг БНСУ-ын мэргэжилтэн, Азийн хөлбөмбөгийн холбооны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч Мо Жион Илийг багтаа авчраад байгаа нь гол өөрлөлт юм. Түүнчлэн БНСУ-аас 4 тоглогч багтаа нэгтгээд буй.

Харин “Вестерн” гадны тоглогчгүй, 100% Монгол тоглогчдоороо хаврын тойргийг эхлүүллээ. Анхны жилээ Дээд лигт тоглож буй тэд намрын тойрогт 8 тоглолтоос 3 хожил авч сайн тоглолт үзүүлсэн бол 2-р тойргийн эхний тоглолтоосоо 1 оноо авч чадлаа.

Энэ жилийн аваргын төлөө дайралт хийх гол багуудын нэг “Хангарьд” хүчтэй байгаагаа харуулж 2-р тойргийн эхний тоглолтдоо 5:1 харьцаатай “Улаангом”-ыг хожлоо. Багийн дасгалжуулагчаар сүүлийн 2 улирал “Хантерс” багийг удирдсан Ч.Мөнхбат ажиллаж байна. Туслах дасгалжуулагчаар Иран дасгалжуулагч Ахмад Али ирсэн бөгөөд тэрээр өмнө нь 2023 тус багтаа ажиллаж байсан туршлагатай.
“Хангарьд” намрын тойрогт тоглосон гадны тоглогчдоо бүгдийг нь явуулж, шинээр 5 тоглогч авчээ. Мөн “СП Фалконс” багаас авсан А.Содмөнх, Э.Хосбаяр нарын тамирчдаа шууд гараанаас тоглууллаа. Тэд мөн Г.Буяннэмэх (Ховдын Хүлэгүүд), Ө.Цэлмүүн (СП Фалконс), Б.Мөнхсүлд (Хантерс) нарын залуу тоглогчдоор хүчээ зузаатгажээ.

БНСУ-аас ирсэн жигүүрийн довтлогч Жо Хүбин (29’) эхний гоолыг оруулсан бол A.Содмөнх (36’) шинэ багийнхаа төлөөх эхний тоглолтдоо эхний гоолоо хийлээ. Мөн З.Тэмүүлэн (66’), Б.Төгөлдөр (80’) болон сэлгээгээр орж ирсэн Нигер довтлогч Жон Боско 90+2' нар нэг гоол орууллаа. Багийн мэргэн бууч З.Тэмүүлэн энэ улирлын эхний 9 тойргийн дараах байдлаар 9 гоол оруулсан үзүүлэлттэй байна.

Лигийн шинэ баг болох “Улаангом” эхний тойрогт “Хангарьд” клубт 10:0 харьцаатай хожигдож байсан бол энэ удаад хаврын тойргийг илүү өсөлттэй эхлүүлж буйгаа харууллаа. Тэд гараандаа гадны 2 тоглогч гаргасан бөгөөд тоглолтын эхний гоолыг хамгаалагч Т.Пүрэвдорж (22’) мөргөж оуулсан юм.

МХБХ-ны Үндэсний Дээд лигийн тэмцээнд энэ улиралд цааш 9 баг өрсөлдөх болсон учраас тойрог бүрт нэг баг тоглолтгүй өнжинө. Энэ удаад "Дэрэн" баг тоглолтгүй өнжлөө. Дараагийн долоо хоногийн амралтын өдрүүдэд багууд улирлын 10 дахь тоглолтуудаа хийнэ.
© 2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ